МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 41,806.33 нэгжид хүрч 1.33%-ийн өсөлттэй хаагдлаа. Монгол улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр 30.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 9.5 (45.2%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд, уул уурхай олборлолт 7.2 (50.2%) их наяд төгрөг, боловсруулах үйлдвэрлэл 1.8 (37.0%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөллөө. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр 21.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 7.2 (50.2%) их наяд төгрөгөөр өсөхөд чулуун болон хүрэн нүүрс олборлолт 5.7 (2.5 дахин) их наяд төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 864.6 (9.0%) тэрбум төгрөгөөр, газрын тос олборлолт 530.4 (68.3%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ Технологийн салбарын хувьцаанууд тэр дундаа чип үйлдвэрлэгч компаниудын хувьцаануудын ханш өндөр өсөлт үзүүлснээр өнгөрөгч 7 хоногт АНУ-ын хувьцааны зах зээл өсөлттэй байлаа. Тодруулбал, тус улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс 1.17%-ийн өсөлтийг үзүүллээ. "Advanced Micro Devices Inc." компанийн хувьцааны ханш 18.88%, "NVIDIA Corp." компанийн хувьцааны ханш 8.74%-ийн тус тус өсөлтийг өнгөрөгч 7 хоногт үзүүллээ. Хөрөнгө оруулагчид 1 сарын 25-д мэдээлэгдэх АНУ-ын 2023 оны 4-р улирлын Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд гол анхаарлаа хандуулж байна. Тус үзүүлэлт нь 2024 оны эхний улирлын хөрөнгийн зах зээлийн чиглэлийг тодорхойлж болох юм. Дийлэнх шинжээчид АНУ-ын 2023 оны 4-р улирлын Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 4.9%-иас 2.0%-руу хүрч буурна гэх хүлээлттэй байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ Европын төв банкны бодлого боловсруулагчид санхүүгийн зах зээлд зээлийн хүүг бууруулах болоогүй гэх дохиог өгснөөр Европын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, UK's FTSE 100 индекс 2.14%, STOXX Europe 600 индекс 1.58%-ийн тус тус уналттай хаагдлаа. Их Британийн 2023 оны 12-р сарын инфляцын түвшин 3.9%-иас өсөж 4.0%-д хүрсэн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь сүүлийн 10 сард анх удаа инфляцын түвшин өссөн үзүүлэлт болж байна. Харин хүнс, эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшин 5.1%-д хэвээр хадгалагдсан үзүүлэлттэй гарлаа.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ Япон улсын төв банкны Мөнгөний хэт зөөлөн бодлогоос үүдсэн Японы иений ханшийн сулрал нь тус улсын экспортыг дэмжиж байна. Үүний нөлөөгөөр тус улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, TOPIX индекс 0.63%, Nikkei 225 индекс 1.09%-ийн тус тус өсөлттэй байлаа. Nikkei 225 индекс сүүлийн 34 жилийн хамгийн дээд түвшиндээ хүрээд байна. Япон улсын төв банкны Мөнгөний бодлогын хурал 1 сарын 22-23-ны өдөр болох ба төв банкны бодлого боловсруулагчид Мөнгөний хэт зөөлөн бодлогоо үргэлжлүүлэн баримтлах хүлээлттэй байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ БНХАУ-д үүсээд буй дефляцийн дарамт нь тус улсын эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй байгаа билээ. Уг сөрөг нөлөөллийн болзошгүй эрсдэлээс үүдэн тус улсын хувьцааны зах зээл 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.72%, CSI 300 индекс 0.44%-ийн тус тус 7 хоногт бууралттай хаагдлаа. CSI 300 индекс сүүлийн 10-н 7 хоногийн 9-д нь бууралттай хаагдсан үзүүлэлттэй байна. БНХАУ-ын 2023 оны 4-р улирлын Дотоодын нийт бүтээгдэхүүн 5.2%-ийн өсөлттэй гарлаа. БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн гол хөшүүрэг болсон үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт нь хөрөнгө оруулагчдын санааг зовниож байна. |